Кубат Рахимов: Төмөр замын цариг бол стратегийн үнэ цэнэтэй ойлголт

Төмөр замын царигийн асуудал сүүлийн үеийн халуун сэдэв болж байна. Эрх мэдэлтнүүд өргөн, нарийн царигийн саналаараа талцан муудалцаж, сүүлдээ бүр эрлийз хурлийзаараа дуудалцахдаа тулаад байгаа билээ. Тэгвэл энэ талаарх олон улсын туршлага ямархуу байна вэ? Энэ үүднээс,  Евро Азийн дэд бүтцийн хөгжлийн мэргэшсэн шинжээч, олон улсын тээвэр судлаач Рахимов Кубатбек Калыевичын байр суурийг товчлон сонирхуулъя.
 
Аливаа улс орны төмөр зам Хятадын зах зээл рүү чиглэсэн тохиолдолд, эхний ээлжинд замын бүтээн байгуулалт гэх мэтийн эдийн засгийн богино хугацааны эерэг үр дүн харагдана. Хятад  баян учраас бодитоор хөрөнгө оруулж, худалдааны сайн түнш болно гэх мэт. Гэвч алсдаа Хятадын энэхүү нэвтрэлт нь “өргөтгөл” болж хувирна. Хятадын дотоод жишээ болох Цинхай-Түвдийн төмөр замын бүтээн босголтыг авч үзье.  
Инженер, техникийн талаас нь авч үзвэл, энэ маш сонирхолтой төсөл. Уг төмөр замын зарим өртөөнүүд нь далайн түвшнээс дээш таван мянган метрийн өндөрт байрлан, зорчигчдод хүчилтөрөгчийн маск тараан өгч, зам зуурт гайхалтай гүүр, хонгилууд тааралддаг. Гэвч асар том Хятад улс автономит Түвд рүү нэвтрэн орсны нийгэм эдийн засгийн үр дагаврыг тооцохгүй орхигдуулж болохгүй юм. Уг төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Хятадаас ирсэн ажилчид буцаж яваагүйн улмаас боловсрол, мэргэжил гэхээр юмгүй Хятадын хар ажилчид Түвдэд хэдэн зуун мянгаараа суурьших болжээ.
Зэс, никелийн томоохон ордуудын ашиглалт, зам тавих бүтээн байгуулалттай холбоотойгоор суугуул түвд иргэд өчүүхэн бага нөхөн олговор аван, төрж өссөн газар нутгаа орхих шаардлагатай болсон байна. Тус нутаг оронд экологийн тэнцвэрт байдал ихээхэн алдагдсан бөгөөд эцсийн дүндээ, энэхүү төмөр зам түвдүүдэд юу ч өгөөгүй аж. Зөвхөн тус оронд зорчих хүмүүсийн тоо нэмэгдэн, орон нутгийн аж амьдралын үнэт зүйлсийг үл тоомсорлосон явуулын этгээдүүдээр дүүрсэн байна.
Дараагийн жишээ болгон Киргизийг авч үзье.
Хятад-Киргиз-Узбекийн төмөр замтай холбоотойгоор Киргизүүд нарийн царигийг зөвшөөрсөн байна. Тус орны хүн ам 5,5 сая орчим ба тэдгээрээс 500 мянга гаруй нь Орос, Казахстан болон дэлхийн бусад оронд ажиллаж амьдарч байгаа аж. Харин тэдний  оронд 250 мянган хятад ажилчин Киргизэд орж ирсэн ба төмөр зам тавигдсаны дараа бол хил, гааль, цагдаагаа хичнээн чангалаад ч хагас сая хятад иргэд элбэг хүрэх магадлалтай байна. 500 мянган хятад гэдэг нь Киргизийн нийт хүн амын 10 хувьтай тэнцэнэ гэсэн үг бөгөөд болгоомжлолд хүргэх тоо гэдэг нь ойлгомжтой.
Дараагийн эрсдэл нь, хятадууд ашигт малтмал олборлохдоо маш болхи бүдүүлэг технологи ашигладаг. Түвд болон Шинжаан-Уйгарын автономит мужид олборлолт,боловсруулалт явуулсан үйл ажиллагаа нь эдийн засгийн үр ашгаас илүүтэйгээр хор уршигтай үр дагавартай болсон нь харагдаж байна. Орчин үеийн дэвшилтэт, үнэтэй тоног төхөөрөмж ашиглахын оронд хүний олноор хүчлэн гүйцэтгэх сонирхол хятадуудад их байдаг. Ингэснээр, эхний үедээ хамтрагч талуудад ашигтай, зардал багатай байх хэдий ч мөдхөн байгаль орчин сүйтгэгдэн, асар хүнд даацын ачааны тэргүүд нь зам харгуйг эвдэж дуусдаг.  Хятадууд бол ёсорхож сүйд болоод ч байдаг хүмүүс биш. Тэд Түвдийн нийт бэлчээрийн талбайн 15 хувийг сүйтгэжээ.
Мөн Киргизэд зээлийн шугамаар хятадууд автозам тавьж байгаа ба ямар ч норм стандарт мөрдөхгүйгээр, хүний нутгийн байгаль орчинд хайр гамгүй хандаж байгаа аж.
Бас нэг эрсдэл нь, төмөр замыг санаачлагчдын зүгээс орон нутагт маш олон ажлын байр бий болгоно гэж амладаг хэдий ч хэлний саад бэрхшээл, ажлын чадвар муу, залхуу гэдгээр шалтаглан орон нутгийн иргэдийг бараг ажиллуулдаггүй юм байна. Тэд орон нутгийн нийлүүлэгчдээс зөвхөн бага хэмжээний хүнсний зүйл аваад л болоо. Энэ үүднээс, орон нутгийн түвшинд үр ашиг гэхээр зүйл өчүүхэн бага юм.  10 мянган ажлын байр бий болгоно гэж зарладаг ч үнэн хэрэгтээ 2-3 мянган хятад иргэн  л төмөр замыг тавьж байна.
Хятадад төмөр замын бүтээн байгуулалт дээр ихэвчлэн Хятадын үндэсний чөлөөлөх армийн цэргүүд ажилладаг. Тэд төмөр зам тавьж буй улсын газар нутагт урт хугацаагаар байрлан, хэдийгээр энгийн хувцастай, энгийн паспорттой ч бүгд цэргүүд байдаг.
Дараагийн сэдэв бол төмөр замын царигийн асуудал юм. Энэ нь эдийн засгийн болон байлдааны стратегийн чухал ач холбогдолтой. Эдийн засгийн үүднээс авч үзвэл, бүх тивээрээ, дэлхийгээрээ ганц ижил царигтай бол хэчнээн хэмнэлттэй вэ гэмээр. Гэвч Энэтхэг, Пакистанд гэхэд, англичуудын тавьсан хамгийн өргөн цариг байдаг. Испанид “стефенсоны” гэж нэрлэгддэг франц-германы 1435 мм, Орост царигийн өргөн 1524мм гэх мэтээр цэрэг дайны стратегиас шалтгаалан янз бүр байна.
Хятадууд нарийн царигаа тавих талаар Казахстаны эрх мэдэлтнүүд, нэр нөлөө бүхий хүмүүст маш их хэмжээний мөнгө зарлагадсан боловч бараагүй. Казахстаны эрх баригчид дөрвөн тэрбум ам.долларын төслөөс татгалзан өөрсдийн шийдвэрээр өргөн царигийг сонгосон байна.
Ер нь Хятадын зүгээс анх санаачлахдаа төмөр замаа олон салаална гэж амладаг ч өөрсдийн зорьсон газраа хүрэнгүүт амлалтаа “мартдаг” хуучтай аж.  Тэд Киргизээр дамжуулан нарийн царигаа цааш бусад орнууд руу “хорт хавдрын үсэрхийлэл” мэт тараахаар улайран хичээж байна.
 
Д.Мягмарсүрэн

Comments