Христ ёсоор хуримслагчдыг үзсэн нь


Христ ёсоор хуримслагчдыг үзсэн нь
Намрын сайхан налгар өдөр хуримд уригдаад найзтайгаа хамт гараад өглөө.
Улаанбаатарт үе үе үзэгдэх болсон Христ сүм дундаас хуримлагч хосууд маань хотын захад байрлах "Бурханы хурга" нэртэй сүмд ёслоно гэв. Төөрсөн нэгэн хургаа малчин эзэн нь олж сүрэгт нь нийлүүлдэг шиг төөрсөн нэгэн хүнийг Есүс олж ертөнцийн эзний авралд багтаадаг үлгэрээр сэдэвлэж энэхүү сүмийг нэрлэсэн бололтой гэж таамаглав.
 Хотын захад гэр хороолол дунд дээвэр дээрээ загалмай хатгасан, хуримд оролцох хүмүүст дарагдсан гурван давхар тоосгон байшин байна.
Сүм дотор үнэндээ төсөөлж байсан шиг байсангүй. Гэхдээ хуримлагч хосуудад зориулж хөөрхөн засаж чимэглэжээ. Эрэгтэй талаас ирсэн бол сүмийн баруун талын суудал дээр эмэгтэй  талаас ирсэн бол зүүн талын суудал дээр тухалдаг юм байна. Үйтэн хуаран дээл, ганган малгайгаар өнгө хослуулан гоёж, мөнгөн эдлэлээр чимэг нэмсэн настайчууд урд суух бөгөөд үр хүүхдийнхээ үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэж, бас сонин энэ хуримыг хүлээж ядсан хүмүүс дүүрэн.
Сүмийн ламтан солонгос хүн байх бөгөөд цугласан олонд хурим эхэлснийг мэдэгдэж суудалдаа суухыг уриалав. Хуримын аялгуу эгшиглэж, хуримын гэрч гурван залуу эхэлж хүргэн хүү өөрийн эцгийн хамт гарч ирэхэд хүмүүс судлаас босч алга ташин угтав. Хүргэн хүү ламтаны өмнө өөрийн ирээдүйн гэргийгээ догдлон хүлээж зогсоход , сүйт бүсгүй талын гэрч гурван бүсгүй гартаа сарнай цэцэг барин алхаж араас нь энэ өдрийн гоо үзэсгэлэн болсон сүйт бүсгүй өөрийн аавтай цуг орж ирлээ.
Хүмүүс цөм л тэсгэлгүй баярлан угтаж баярын нулимс мэлтэлзүүлэн баяр хүргэж байв.
Ламтан хуримлагч хосуудад хандаж айлдвар айлдах бөгөөд хуримлагч хосууд гэрлэлтээ батлуулахын өмнө ганц бие амьдралаа дурсаж өөр өөрийн ганц лааг асаасан. Гэрлэлт батлуулах үйл ажиллагаа эхэллээ. Ламтан биднээс  энэ гэрлэлт буруу гэрлэлтийг зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа хүн байнауу гэж асуухад бид шууд л үгүй ээ энэ хоёр хүн гэрлэх ёстой хэмээн хашгиралдаж байв.
Тиймийн учир ламтан эзний ивээл дор гэрлэсэн хосуудыг батлаж , хосууд бөгжөө солилцож, үнсэлцсэнээр хосууд хууль ёсны эхнэр нөхөр хоёр боллоо.
Одооноос эхэлж ертөнцийн эзэн энэ хоёр хосыг нэг хүн гэж харж байгаа бөгөөд библид заасны дагуу эхнэр нь нөхөртөө захирагдах ёстой гэх мэт хуулийг ламтан уншиж өгөв. Хуримлагч хосууд талархсанаа илэрхийлж, ээж аавдаа сүү өргөж барьж,  нэг хүн шиг амьдрахын билэгдэл болгож урьд асаасан лаагаа нэгтгэж нэг лааг асааж тавилаа. Хосуудад зориулж сүмийн дуучид ертөнцийн эзнийг магтан дуулснаар энэ өдрийн сүмд ёслох ажиллагаа дуусч бид ресторан руу морилон одов.
Христос ёсны хурим сонирхолтой санагдсаныг нуух юун. Гэхдээ миний бодлоор сүмд хурим хийх тийм ч тохиромжтой газар биш бололтой.
Мөн ламтан хэдийгээр хичээж байсан боловч түүний яриаг бид үнэндээ ойлгосонгүй. Бас монгол хөтлөгч байсан ч гудамжны яриагаар хөтлөсөн нь жаахан чимэггүй сонсогдов. "Саак хурим байлаа" "Би энэ хоёртоо атаархаж байна " гэх мэт..
Ламтан настайчуудаар ерөөл хэлээч гэсэн боловч "Тиймээ" гэхээс өөр үг хэлэх боломж олдоогүй.
Ер нь тэгээд таних мэдэхгүй ёсыг буруу зөв дагаж байсанаас мэддэг ганц ёсоо сайн мөрдвөл яасан юм бэ?
Гэхдээ хүн бүрийн амьдралд хурим гэдэг ганц тохиох баяр болохоор өөрийн сэтгэл таашааж байвал аз жаргал тэр юм даа..

2012 оны 11 сарын 18ны өдрийн бодол..
нэгэн хэсэг христийн шашин газар авч маш эрчтэй явж байсан..
Тэгэхэд бөөгийн шашны талаар ямар ч ойлголтгүй байв.
Харин одоо бөө мөргөл борооны дараах мөөг шиг болж, буруу зөв маш ихээр явж байгаа нь бас л христийн шашин анх гарахад бид ямар хүлээж авч байсан яг тэрэн шиг болчихжээ..
Цэгцлэгдэх байлгүйдээ

Comments