Хятад мөрөөдөл гэж юу вэ


Хятад мөрөөдөл гэж юу вэ

…Эх газрын хятадууд энэ жилээс шинэ зорилт тавьж хөгжлийн шатаа илүү өргөн цар хүрээтэй болгохыг зорьжээ…
Саяхнаас дэлхий нийтэд сонсогдох болсон нэр томъёо бол “Хятад мөрөөдөл”. Эх газрын хятадууд шинэ удирдагчтай болмогцоо урьд хожид хэрэгжүүлж байгаагүй, хэрэгжүүлэхийг санаачилж ч байгаагүй “Хятад мөрөөдөл” гэгчийг биелүүлэхээр зорих болов. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Хятадын Комунист Нам 18 дугаар их хурлаа хийсэн. Энэ хуралдаанаар намынхаа шинэ даргыг томилж, ирэх арван жилийн улс орныхоо хэтийн хөгжил чиг хандлагыг тодорхойлсон гэж хэлэхэд болно. Дэлхий нийтэд өөрсдийнхөө дуу хоолойг тунхаглахаар тэд “Хятад мөрөөдөл”-ийг бүтээх гэж байгаа аж. Мэдээж хэрэг энэ бүхэн тэдний улс төр болоод, эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд хийгдэнэ. Шинээр сонгогдсон Си Жиньпин эдгээр шинэчлэлийг хийж, хуучирсан үзлээс улс орноо салгахаа хэд хэдэн удаа олон нийтийн өмнө хэлэхийн зэрэгцээ байнга үүнийгээ илэрхийлсээр байгаа. Тэрбээр зөвхөн ганцаараа үүнийг эхлүүлэлгүй санал бодол нэгтэй тойрон хүрээлэгчид, намын нөхдийнхөө хамтаар эхлүүлэх биз ээ. Олон жилийн турш ноёрхсоор ирсэн хатуу ширүүн захирамж, ууртай ширүүн мэт тушаалуудыг халж, илүү нээлттэй нийгмийн эринийг эхлүүлэх гэж байна ч гэж хэлж болно.
Си Жиньпиний эхлүүлэх гэж буй “Хятад мөрөөдөл” хэт ихэдсэн инфляци, төрөл бүрийн бохирдлууд /усны, агаарын, дуу чимээний гэх мэт хүрээлэн буй орчны/, хүнсний аюулгүй байдал зэрэг томоохон саад бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаа. Энэ бүхэнд олон нийтийн дэмжлэг, шинэчлэл хийх чин хүсэл нь гол тулгуур болох аж. Хэдийгээр хөгжил цэцэглэлтээрээ, хүн амынхаа тоогоор толгой цохиж, дэлхийн томоохон гүрэн болж чадсан ч илүү төгс утгаараа жинхэнэ хөгжилтэй орон болохыг тэмүүлж байна. Ард түмнийг илүү нээлттэй байлгахын тулд олон нийтийн дундах интернэтийн чөлөөт байдлыг эрхэмлэх нь зөв хэмээн дахин хэлэлцэхээр болсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард интернэт хэрэглэгчдийн сэтгэгдэлд өндөр хяналт тавих болсон нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн. Тэр цагаас эхлэн хүмүүс  эрх чөлөөгүй нийгэмд амьдарч байгаа гэсэн уур амьсгал нийгэмд газар авчээ. Харин үүнийг болиулж, нийгмийн чөлөөт тогтолцоог бий болгох нь улс төрийн эрс шинэчлэлийн эхлэл болох гэнэ. Энэ тухайд “Century Weekly” бизнес сэтгүүлийн сэтгүүлч Ху Шули хэлэхдээ “Засгийн газрын хэт оролцоо хүмүүсийг мохоож байна” гэв. Түүнчлэн “Эдийн засгийн эрс шинэчлэл ч бай улс төрийн эрс шинэчлэл ч бай аль алинд нь ард түмний дуу хоолой хамгийн чухал, салшгүй хүчин зүйл нь байх ёстой” гэжээ.
Харин энэ тухайд Хонконгийн нийтлэлч Чанг Тэшан “ Си даргын эхлүүлэх  “Хятад мөрөөдөл”  биеллээ олбол тун сайхан. Гэхдээ хэт том зүйлээр далайлгаж, хүмүүсийн өнөө маргаашийг гэрэлтүүлж байгаа “Өдрийн мөрөөдөл”-ийг нь битгий үгүй хийчихээсэй” хэмээн “Oriantal Daily News”  сэтгүүлд бичсэн нийтлэлдээ тусгажээ. Хятадын шат шатны байгууллагуудад үүссэн авлига хээл хахуулийн асуудал эдгээр шинэчлэлийг хийхэд хамгийн их саад тотгор учруулах зүйлсийн нэг. Шинэчлэлийг эхлүүлэхэд цаг хугацааа хөрөнгө мөнгө хамгийн их зарцуулах зүйл бол авлига хээл хахуулийг халах. Үүний тулд их л тэмцэл хийхэд хүрнэ гэж олон туршлагатай улстөрчид болоод нийтлэлчид хэлж байгаа юм.
“Хятад мөрөөдөл”-ийг мөн “Хонконг мөрөөдөл”-тэй хослуулж чадвал одоо төлөвлөж байгаагаасаа илүүд хүрнэ гэж Хонконгийн эдийн засагчид хэлж байна. Эх газрын хятадуудын зорилтоор бол 2017 он гэхэд энэхүү том мөрөөдлийн эхний шатны үр дүн гарч эхлэх гэнэ. Хонконгийн ард түмэн ч бас одоо байгаагаасаа хүчирхэг эдийн засаг, чөлөөт ардчилсан нийгмийг хүсэмжилж байгаа. Үүний тулд эрс шинэчлэлүүдийг ч мөн хийхээр эрмэлзэж байгаагаа их газрынханд илэрхийлэх болжээ. Хятадын шинэ удирдагч томилогдож, шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа нь Хонконгод нэлээд таатай шинэ нөхцөлүүдийг бий болгож, шинэ шинэ гарц нээнэ хэмээн найдаж байгаа.
БНХАУ-ын шинэ удирдагчтай холбоотойгоор Тайваний тал ч шинэлэг зүйлүүдийг хүлээж байгаа гэхэд болно.Тайваний ерөнхийлөгч Ма Юн Жи хоёр улсын хоорондох харилцааг шинэ төвшинд хүргэж, илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх саналтай байгаа ажээ. Гэсэн ч Тайвань улс хүссэн буюу тусгаар тогтнолоо олж авахад зөвхөн Си Жиньпиний томилгоо хангалттай бус байх нь ойлгомжтой. Үүнд цаг хугацаа олон жилийн найрсаг харилцаа маш чухал нөлөөтэй.
Ямартай ч “Хятад мөрөөдөл” зөвхөн босоо хөгжил болоод хангалуун амьдралаас гадна олон талын стратегийн чухал ач холбогдол бүхий асуудлуудтай уялдах болоод байна.
Э.Мөнхнасан


Comments

  1. Хятад мөрөөдөл хүчирхэгжих тусам Монгол мөрөөдөл жинхэнэ мөрөөдөх гэдэг утгалуугаа ойртож эхлэнэ.

    ReplyDelete
    Replies
    1. Битгий тэгэж ярь.. бид тэднээс илүү байх ёстой

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа