Монголчууд үүргээ зарим тохиолдолд биелүүлж байгаагүй

Хятад, Монгол хоёр улс харилцаагаа Иж бүрэн түншлэлийн хэмжээнд аваачлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын хэлэлцээний дараа ийнхүү мэдэгдлээ. Улаанбаатарыг геополитикийн орон зайдаа оруулахыг Бээжин сонирхож байх шиг байна. Харин ОХУ Монголыг өөрийн эрх ашгийн бүсэд байдаг гэж харсаар ирсэн. Эдгээр гурван орны харилцаа хэрхэн өрнөж байгаа талаар Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины институтын орлогч захирал, профессор Сергей Лузянинтай www.lenta.ru сайтын сэтгүүлч Игорь Денисов ярилцжээ.

-11 жилийн дараа БНХАУ-ын тэргүүний хувиар Си Жиньпин сая Монголд айлчиллаа. Түүхийн түмэн нугачааг туулсан энэ хоёр хөрш ард түмний харилцаанд чанарын өөрчлөлт гарсан гэж та үзэж байна уу?

-Си Жиньпиний хоёр өдрийн айлчлал үнэхээр жирийн нэг хэрэг биш байж, олон ч шинжээчийн зүгээс өөр өөрийн дүгнэлтээ өглөө. Эдгээрээс хятадуудын хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг нэн хэрэгтэй байгаа монголчуудад энэ айлчлал ашигтай боллоо гэсэн дүгнэлт давамгайлж байна. Улс орных нь гол тэжээх эх үүсвэр болсон уул уурхайн салбарт ийм дэмжлэг тун хэрэгтэй байгаа юм. Харин зарим хүн Хятадад илүү хожоотой байлаа гэж үзэж байна. Учир нь, Япон, Вьетнам зэрэг хөршүүдтэйгөө хурцадмал харилцаатай байгаа энэ үед Монгол шиг урт удаан хугацааны найдвартай түнштэй болох нь Хятадад ашигтай гэж байна.

-Монголын эдийн засгийн байдал ер нь ямар байна вэ?

-Эдийн засгийнх нь суурь болсон уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. 1990-2000 оны Монголын эдийн засгийн гол загвар нь гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэж байсан. Нийт хөрөнгө оруулалтад гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь 70-75 хувь байлаа. Шилжилтийн эдийн засагтай орнуудаас нэг хүнд ногдох гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр Монгол эхний байр эзэлдэг нь тохиолдлын зүйл биш.

1990-1991 оны ардчилсан хувьсгалын дараа Монгол эдийн засгийн гадаад харилцаагаа эрчимтэй тэлж, Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад гишүүнээр элссэн. Ийм маягаар уламжлалт Орос, Хятад гэдэг хоёр түншээс гадна Япон, Өмнөд Солонгос барууны орнууд гэсэн шинэ түншүүдтэй болсон. Монгол үүнийгээ гурав дахь хөршийн зарчим гэж нэрлэдэг. Шинэ либерал эдийн засгийг бүрдүүлэхийн тулд барууны орнуудын тусламжийг Монгол чадамгай ашигласан. Тэнцвэртэй, төвийг сахисан бодлогыг мөн дипломат шугамаар ч өргөжүүлж байсан. Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагатай хэлхээ холбоо тогтоосон нь үүнийг тод жишээ. Монгол нэг хэсэг энэ байгууллагад ажиглагч байгаад жинхэнэ гишүүн болж статусаа дээшлүүлсэн. Улаанбаатар үүнийгээ Орос болоод АНУ, Европын холбооны орнуудтай харилцаагаа тэгш хөгжүүлэх бас нэг боломж гэж тайлбарладаг. Үүнд, ардчиллын институцийг бэхжүүлэх Монголын удирдагчдын хүсэл, Европын стандартыг хууль сахиулах системдээ нэвтрүүлэх зорилго чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ хамгийн гол нь гадаад бодлогодоо шинэ тулгуур олж авах гэсэн зорилго нь их нөлөөлсөн, яагаад гэвэл Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага нь энэ тохиолдолд гурав дахь хөрш болж байгаа юм.

-Монголын эдийн засагт гурав дахь хөрш хэр ул үндэстэй суурьшсан бэ?

-АНУ, ЕХ, Япон, Өмнөд Солонгос улсууд Монголд 1,3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж өгсөн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрсэн. Одоо тэр хэмжээний их хөрөнгө оруулалт зогссон. Гэхдээ энэ нь монголчуудын өөрсдийнх гаргасан шийдвэрээс болсон. Эх орноо худалдан зарж байна гэсэн шүүмжлэлээс болж гадаадын хөрөнгө оруулалттай компани ажиллахад хүндрэлтэй хуулийг баталсан. Хятадын компаниудтай, тэр дундаа нүүрсний салбарт хамтран ажиллаж байсан компаниудтай учраа ололцоогүй. Хятадууд үнэхээр гомдож, дахин нэг ч шуудай нүүрс авахгүй гэж мэдэгдсэн. Гэсэн ч Монголын өнөөгийн удирдлага Хятадтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа.

-Хятадын аюул гэдэг ойлголт монголчуудад танил уу, хятадуудыг үзэн ядах үзэл нийгэмд нь хэр тархсан бэ?

-Тийм ээ, Бээжингээс Улаанбаатар хангалттай ихийг хүлээж байгаа. Гэхдээ Монголын удирдлага улам өсөн нэмэгдэж байгаа хятадуудын эсрэг үзлийн хажуугаар нүдээ анин өнгөрөх болж байна. Хятадуудад үл итгэх үзэл нь бүүр XVII-ХХ зууны үеэс Чин гүрний үеэс улбаатай. Энэ үзэл сүүлийн арван жилд нэмэгдэж байна, учир нь БНХАУ-ын эдийн засгийн байр суурь дэлхийд төдийгүй, бүс нутагт улам бэхжиж байна. Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хятадын хэд хэдэн аюул байгааг хэлж байгаа, тухайлбал, хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид олширч байгаа, хууль бус алт олборлолт, хар тамхи, мансууруулах бодисын наймаа болон хуурамч бараа бүтээгдэхүүний эзлэх хувь ихэсч байгаа зэрэг. Эдгээр аюулыг, нэн ялангуяа эдийн засгийн шинжтэй аюулыг арилгах тийм ч амар биш. 2003 оноос 2013 оны хооронд Монгол-Хятадын худалдааны хэмжээ 324 сая ам.доллараас 6,7 тэрбум болж өссөн. Хятадын хөрөнгө оруулалттай 1200 гаруй компани бүртгэгдсэнээс 900 нь хамтарсан компани байна. Дэд бүтэц, уул уурхайн салбарт оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтйн 50 хувьд хүрч байна. Тавантолгой, Овоот толгой, Оюутолгой зэрэг стратегийн ордуудад хятадуудын оролцоо идэвхтэй байна.

Хятад хариуд нь юу өгөхөд бэлэн байна вэ?

-Монголчуудын хүслийг биелүүлнэ гэдгийг Си Жиньпиний айлчлал нотолсон. Юун түрүүн Хятад улс Монголын хөгжлийн хөтөч болоход бэлэн байна. 2020 он гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхээр тохирлоо, Хятадын зүүн хойд зүгийн усан боомтуудыг ашиглахыг зөвшөөрлөө, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Си Жиньпиний айлчлалыг Хятадын шинжээчид гурван зүйлээр дүгнэж байна. Үүнд, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагаа гэж томъёолж байна.

-Хэдийгээр хамтын ажиллагааны шинэ ирээдүй харагдаж байгаа ч түүхэн асуудлууд хаашаа ч алга болохгүй шүү дээ?

-Хятадад хандах Монголын бодлогын нуугдмал сэдэл нь хоёр Монголыг харилцан хамааралд оруулах оруулах тэмүүлэлд байж магадгүй. /БНХАУ-ын бүрэлдэхүүнд Өвөр Монголын өөртөө засах орон багтдаг/. Хятадын түүхчид Монгол Улсын тухай /Гадаад Монгол/ эх орноосоо түр гадна оршин байгаа маягаар бичдэг. ЗХУ-ын 70 жилийн нөлөө байсан ч монголчуудын соёл, үнэт зүйлийг хадгалж үлдсэн, тэр нь Хятадын газар нутаг дээр байна гэж харуулдаг. Монголчуудын түүхийн гол баатар болох Чингис хааны тухай юм. Нэгдсэн Монгол улсыг байгуулсан Чингис хааны бунханыг хятадууд Өвөр Монголын өөртөө засах орны нутагт барьсан. Хэдийгээр агуу жанжны шарил одоогоор олдоогүй байгаа ч энэ бунханд ирсэн олон мянган жуулчин чухам энд Чингис хааны жинхэнэ шарил байгаа гэж итгэдэг.

-АНУ Монголд ихээхэн сонирхлоо илэрхийлдэг. Мэдээж Бээжин үүнд хардангуй ханддаг байх?

-Хятадын Монголын сонирхох хандлага идэвхжиж байгаа нь мэдээж барууны эсрэг геополитикийн утга агуулгатай. 1990-ээд онд гурав дахь хөршийн зарчимд тулгуурлан бий болсон Америкийн эвслээс Монголыг татан гаргах зорилготой. Талын улс сүүлийн хорин жилийн дотор АНУ-ын цэрэг-улс төрийн идэвхтэй бодлогын объект болсон. АНУ-ын бүхий л “хүмүүнлэгийн” цэргийн ажиллагаанд Монгол Улс оролцож байна. Жил  бүр Монгол-АНУ-ын цэргийн  хамтарсан“Хааны эрэлд” сургуулилалт явагдаж байна. Гэхдээ аль ч улс төрийн нам төрийн эрх барьсан монголчууд Монголын нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн бааз байгуулах саналыг хүлээж авахгүй байгааг дурдах хэрэгтэй.

-Тэгвэл “АНУ-ыг Азид буцан ирэх” процессыг Улаанбаатар ямар нэг хэмжээгээр зогсоож байна гэсэн үг үү?

-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар байгаа нь ОХУ-д ч, БНХАУ-д ч аль алинд нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд итгэл өгч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад статусаа дээшлүүлэх саналд бид хүндэтгэлтэй ханлаж байна” хэмээн хэлсэн. Үүнийг Москва, Бээжин аль аль талархан хүлээж авч байгаа. Улаанбаатар Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс төслийг ихээхэн сонирхож байгаа. Хариуд нь Бээжин APEC буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ирэх арваннэгдүгээр сард Шанхайд болох уулзалтад оролцохыг урьж, форумын байнгын байнгын гишүүн болоход дэмжлэг үзүүлэхээ амалсан. Энэ дашрамд хэлэхэд, APEC-ийн Владивостокод болсон уулзалтад ОХУ Монголыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч, дипломат шугамаар асуудлыг цагт нь боловсруулж чадаагүй юм.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг Си Жиньпин нааштайгаар хүлээн авсан. Энэ нь бүс нутгийн хэмжээнд юуг илэрхийлж байна вэ?

-Энэ нь энэ яриа хэлэлцээнд Хятад идэвхтэй оролцоно гэсэн үг. ЕвроАзийн гүрний хувьд, Хятад, Монголтой хөрш орны хувьд ОХУ нь бүс нутгийн аюулгүй байдлын тусгамдсан асуудлыг шийдэх бүхий л оролдлого, санаачилгыг талархан хүлээж авна. Хойд Солонгосын асуудлаар Монголын талын санаачилга, боломжийг бүс нутагт сайн мэддэг. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Ким Чен Уны засгийн эрхэнд гарсанаас хойш Хойд Солонгост очсон анхны гадаад улсын төрийн тэргүүн болсон. Олон хүн хүлээгээгүй байхад Монгол нь ийнхүү бие даан Хойд Солонгосын асуудлыг зохицуулахыг оролдож байгаад Хойд Солонгос итгэж байна. Монгол бол гадаадын компаниуд чөлөөтэй ажилладаг газар, харин Хойд Солонгос бол бүхнээс хаагдсан бөглүү газар. Энэ хоёр улс хоорондоо ойртон дотносох ямар ч боломж байхгүй мэт. Энэ хоёр улс ойртон дотносч байгаа нь аль аль нь том гүрний шахалтад байдагт байж магадгүй гэж таамаглаж байна. Монгол, Хойд Солонгос аль аль нь ЗХУ-Хятадын геополитикийн болон бүс нутгийн өрсөлдөөнд хавчигдан байсан. Хуучин /ЗХУ-Хятад/, шинэ /АНУ болон түүний холбоотнууд/ түншүүдтэйгээ учраа ололцож чадаад байгаа монголчуудын жишээ Хойд Солонгосын сонирхлыг татсан байж магадгүй. Монголын ашигт малтмалын төлөө тэмцэлдэж байгаа ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгостой монголчууд чадварлаг тоглож чадаж байгаа нь Пхеньянд таалагдсан байх. Сүүлийн арван жилийн турш Монгол барууны орнуудаас их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч чадсан нь Пхеньянд таалагдаж бйагаа байх. Гэхдээ үзэл суртлын хувьд Пхеньян Монголын либерал-ардчилсан загварыг дууриаж чадахгүй. Нөгөө талаас, Бээжингийн санал болгож байгаа шинэчлэлийг Хойд Солонгос хүлээж авахгүй татгалзаж байгаа. Бээжингийн хувилбар үнэхээр Пхеньянд таалагдахгүй байгаа. Магадгүй тэд үүний цаана Хятадын хяналт нуугдаж байгаа гэж харж байгаа байх. Ямар нэг хяналт, дэг шаардахгүй байгаа Монголын ардчилсан хувилбар Хойд Солонгост илүү таалагдаж байгаа байх.

-Энэ 2014 оны намар ОХУ-Монгол-БНХАУ гэсэн гурван талт уулзалтыг хийхийг Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгосон.

-Энэ бол Ц.Элбэгдорж, Си Жиньпин нарын хэлэлцээрийн гол дуулиан, оньсого болоод байна. Ийм гурван талт уулзалт нь аль аль талдаа нэн  ашигтай. ОХУ, БНХАУ-ын хувьд Монголын бодлогоо хэрэгжүүлэх, идэвхжүүлэх боломж гарч ирнэ. Монголын хувьд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хоёр хөршийн зах зээлд татваргүй, квотгүй гаргах боломж бий болно. Эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа Оросын хувьд “Шинэ Зеландын нийлүүлж байгаагаас илүү хэмжээний мах, махан бүтээгдэхүүнийг Монгол нийлүүлнэ” гэсэн Монголын удирдагчийн мэдэгдэл цагаа олсон хэрэг. Сүүлийн хоёр жилд ОХУ-Монголын эдийн засгийн харилцаанд шийдэх асуудлууд гарч ирсэн. ОХУ-аас Монгоо руу хийж байгаа худалдаа тэнцвэргүй байна. 70 сая ам.долларын импорт байхад экспорт 1,6 тэрбум хүрч байна. Харамсалтай нь, Монголын тал үүргээ дандаа биелүүлж байгаагүй, зарим үед тоглоомын дүрмээ өөрчилж байсан бол зарим үед зүгээр л биелүүлэхээс татгалзаж байсан. Гурван талын уулзалт санал болгосноор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өсөн нэмэгдэж байгаа Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөг Оросын оролцоотойгоор аажмаар тэнцвэржүүлэхийг хүсч байгаа байх.

Монголын санал болгосон Элбэгдорж-Си Жиньпин-Путин гэсэн орчин цагийн түүхэнд шинэ үзэгдэл юм. Хэзээ ч өмнө нь гурван орны төрийн тэргүүн албан ёсоор гурвуулаа уулзаж байгаагүй. Эртний, магадгүй цорын ганц тохиолдол нь 1915 оны Хиагтын бага хурал байж магадгүй. 1915 оны тавдугаар сард Хаант Орос-Хятад-Гадаад Монголын төлөөлөгчид уулзсан. Социализмын үед гурван талын уулзалтын талаар бодох ч хэрэггүй байсан. Тиймээс хэрвээ уулзалт болж, албан ёснй бичиг баримт зурагдвал геополитикийн их үсрэлт болох юм.

Орчуулсан Д.НАРАНТУЯА

Comments