Баяжиж буй АЗИ бидэнд ЮУ ӨГӨХ ВЭ?

Дэлхийн олон улс орон, судалгааны байгууллагууд ДУНДАЖ ДАВХАРГА эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангана гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Тиймдээ ч улс орнууд дундаж давхаргынхаа тоог нэмэгдүүлж, дунджаас доогуур түвшинд байгааг нь дундаж руу, дундаж давхаргынхныг боломжтой бол чинээлэг рүү дэвшүүлэх бодлого баримталдаг билээ.
ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ГЭЖ ХЭН БЭ?
Монголбанкны ахлах эдийн засагч С.Болд судалгаа хийсний үр дүнд дараах найман шалгуур үзүүлэлтийг дундаж давхаргынхан хангадаг болохыг нэгэн илтгэлдээ танилцуулсан юм.

Эдгээр найман шалгуур үзүүлэлтийг  100 хувь хангах албагүй ч тодорхой хэмжээнд хангасан байвал тухайн хүн дундаж давхаргад тооцогдоно гэж үзэж болох нь.
  1. Тогтвортой ажил, орлоготой
  2. Тодорхой түвшинд боловсрол, мэргэжил, ур чадвар эзэмшсэн
  3. Амьдрах орон байртай
  4. Тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөн хуримтлалтай
  5. Эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн үйлчилгээ авах чадамжтай
  6. Нийгмийн хамгаалалд хамрагддаг
  7. Тогтвортой хэрэглээтэй
  8. Мэдээллийг саадгүй авах боломж бүхий иргэн буюу өрх гэр.
Брүүкингс институтын /1916 онд байгуулагдсан, АНУ болон дэлхийн хамгийн шилдэг бодлого судалгааны байгууллагуудын нэг юм/ хийсэн судалгаагаар Хятад, Зүүн Азийн улс орнуудын дундаж давхарга ирээдүйн “гол хэрэглэгчид” байх нь тодорхой болжээ.

Өөрөөр хэлбэл бидний урд талд тогтмол хэрэглээтэй, органик бүтээгдэхүүнд “дурламтгай” 700 сая хүн 2020 он гэхэд нэмэгдэж бий болохоор байна.
OECD-ийн Хөгжлийн төвийн захирал Марио Пеззини энэ тухай "2009 онд 1.8 тэрбум байсан байсан дундаж давхарга 2020 он гэхэд 3.2 тэрбум болж, 2030 он гэхэд 4.9 тэрбум хүрнэ. Энэ өсөлтийг Азиуд хангах бөгөөд 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 66 хувь нь тэд болох юм" гэж нэгэн нийтлэлдээ бичжээ.
Дараах графикаас харвал АНУ, Европын холбоо болон Япон улсууд дэлхийн нийт хэрэглээний бараг 80 хувийг эзэлдэг байсан бол Энэтхэг, Хятад болон Азийн бусад орнууд /Индонез, Тайланд, Малайз/ хүч түрэн орж ирснээр дэлхий дээрх бараа бүтээгдэхүүний 68 хувийг эдэлж хэрэглэдэг болох нь.
Хятад л гэхэд 2030 он хүртэл хүн амынхаа 70 хувийг дундаж давхаргад шилжүүлж жилд 10 их наяд ам.долларын бараа үйлчилгээ худалдан авч хэрэглэдэг болох тухай Брүүкингс институт судалгаандаа дурджээ.
ГРАФИК: Дундаж давхаргын өсөлт бүс нутгаар
Дэлхийн дундаж давхаргад ӨРНӨӨС ДОРНО РУУ том шилжилт явагдаж байна гэж хэлж болохоор үр дүн дээрх судалгаануудаас харагдлаа.
МОНГОЛ ДАХЬ ДУНДАЖ ДАВХАРГА БА ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН БИЙ БОЛОХОД ЮУ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Дундаж давхарга эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол хүчин зүйл гэдгийг энд ахин хэлье.
Тэгвэл Монгол дахь дундаж давхарга ямар байна вэ? Үндэсний Статистикийн газрын гаргасан судалгаагаар 2013 онд манай улсын нийт иргэдийн 47 хувь нь дундаж давхаргад хамрагдаж байна.
Мөн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өрхийн орлогод хийсэн судалгаанаас харахад сардаа 500,000-2,300,000 төгрөгийн орлогтой айл нийт өрхийн 67 хувийг эзэлжээ.
Гэхдээ энэ тоонд бүрэн дүүрэн итгэхэд өрөөсгөл бөгөөд тухайн судалгааны байгууллага дундаж орлого, дундаж давхаргыг ямар аргачлалаар тооцсоноос шалтгаалж үр дүн харьцангуй байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ тухай “Хамгийн баян буюу хүн амын чинээлэг хэсэг 20 хувийг хүн амын ядуу эмзэг 20 хувьтай харьцуулахад хэрэглээ нь 5.4 дахин их байна. Харин дундаж орлоготой хүн амын бүлэг Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд хэрхэн оролцож, ямар өгөөж хүртэж байгааг судлах шаардлагатай байна. Дундаж орлоготой хүн амын бүлэг “дундаж давхарга”-ыг бүрдүүлж байгаа эсэх нь хариулт нэхсэн бас нэг асуулт бөгөөд судлах шаардлагатай юм” хэмээжээ.
Эдгээрээс харахад Монгол Улсын дундаж давхаргын хувь хэмжээг гаргахад бэрхшээлтэй бөгөөд одоогоор хийгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн дорвитой судалгаа байхгүй байна.
Хэдийгээр Монголчуудын ихэнх хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун “дундчууд” байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч тийм иргэдийг бий болгох хэрэгтэй гэдэг нь гарцаагүй юм.
Дундаж давхаргыг бий болгоход дараах хэдэн зүйлс чухал нөлөөтэй болохыг эдийн засагчид хэлж байна. Үүнд:
  • Нам, тогтвортой инфяцийн орчин,
  • Макро эдийн засгийн тэнцвэртэй байдал,
  • Үйлдвэрлэлийг өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлэх,
  • Экспортоо өсгөх,
  • Хуримтлал
Манайд одоогоор инфляцийн нам, тогтвортой орчин бүрдсэн байгаа нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон хамгийн гэрэл гэгээтэй нөхцөл байдал юм. Энэ нөхцөл байдлыг ашиглаад дундаж давхаргаа дэмжих бодлого баримталж, эдийн засгаа тэнцвэртэй, солонго татсан мэт өнгөлөг болгох боломж бүрджээ.
БИД ТОО НЬ ӨСӨЖ БУЙ ДУНДАЖ ДАВХАРГЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Монгол жижиг биш ч хүн ам цөөтэй орон. Бид яаж ч идэж, хэрэглэсэн Энэтхэг, Хятадуудын энд хүрэхгүй.
Тиймээс баяжиж буй Азиудын ходоодны хэрэгцээг хангах органик бүтээгдэхүүнээ экспортлогч орон болох нь эдийн засгаа хөгжүүлэх гарц юм.
Хамгийн гол нь бидэнд газар зүйн хувьд давуу тал байхаас гадна Монгол орны ихэнх хэсгийн онгон дагшин, хүний гар хүрээгүй байгаль эзэлж байна. Өөрөөр хэлбэл байгаль бидэнд органик үйлдвэрлэгч байх боломжийг харамгүй хайрлажээ.
Яагаад органик гэж... гэсэн асуултад хариулахад энэ төрлийн бүтээгдэхүүнийг дундаж давхаргынхан болон өндөр орлоготой хүмүүс хэрэглэдэг.
Блүүмбергийн мэдээлснээр дэлхийн Органик хүнсний индекс тогтмол өсөлттэй байгаа бөгөөд органик хүнс үйлдвэрлэгч компаниудын өгөөж 2007-2016 оны гуравдугаар сар хүртэлх 111 сарын 84 сард нь эерэг өгөөжтэй байсан байна. Өөрөөр хэлбэл органик хүнс үйлдвэрлэдэг компаниуд үйл ажиллагаа явуулж байх нийт хугацааныхаа дөрөвний гуравт нь өгөөжтэй ажиллажээ.
Органик хүсний индекс тасралтгүй өсөж байгаа нь дээр дурдагдсан дэлхийн дундаж давхаргын хүч түрэлттэй холбоотой юм.
Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг ашигт малтмалын үнийг дагаж хэрхэн савладгийг бидний өнгөрсөн түүх харууллаа. Бид одоо ч “хараал”-ыг нь хариулж чадахгүй явсаар байна.
2015 оны аравдугаар сард Монголбанкнаас гаргасан гадаад худалдааны тайлангаас харахад Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох 4 түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 84%, нийт экспортын 77%-ийг тус тус эзэлж байна. Харин нийт ашигт малтмалын экспорт манай орны нийт экспортын 87 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 13 хувийн ихэнх нь ноос, ноолуурын экспорт юм.
ХАА-н салбар, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг ч нэгдсэн бодлого, зохицуулалтгүйгээс болж олон бизнес эрхлэгч банкны хүүнд боомилогдож, хүсэл мөрөөдлөө тас татуулсаар байгаа билээ.
Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй өнгөрсөн жилүүд тэр чигтээ харанхуй байсангүй. Дэлхийн дундчуудын үндсэн хэрэглээ болоод буй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манай оронд хэд хэд “мэндэлжээ”.
Бидэнд танил болсон “Lhamour”, “Goo’s eco beauty”, “Тайга”, “Seaberry” чацаргана, “Артишок” эрүүл мэндийн ундаа гээд олон бүтээгдэхүүн Монголчуудын өдөр тутамдаа сонгон хэрэглэх дуртай зүйлс болжээ.
Эдгээр компанийн дийлэнх нь хувь хүний санаачлага, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон. Өөрөөр хэлбэл "бор зүрхээрээ" явж буй хэдэн үйлдвэрлэгчид.
Харин Монголд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн дундаас хөрөнгө оруулалт, менежмент, нөөц сайтай хэд хэдэн томоохон компанийн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гарч эхэлсэн юм.
Жишээ нь, Японд борлуулагдаж буй “Гоё” жүүс, Хятад руу гарсан ТЭСО корпорацийн хуурай сүү, гоймон зэргийг нэрлэж болно.
“Анх сумын төвийн хэдэн хүн зайрмагны аяга хийж эхлээд хувьчлал, тендер, төсвийн хөрөнгө оруулалтаас хол чөлөөт зах зээлийн өрсөлдөөний жамаараа явсаар Монголоос бараг анх удаа хүнсний эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргалаа” хэмээн ТЭСО корпорацийн Гүйцэтгэх захирал О.Цогтгэрэл “Өглөөний хүн”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Түүний хэлсэн үгэнд Монголоос бараг анх удаа өөрсдийнхөө хүчээр бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тухай агуулга байна. Тэгвэл Монголд санаачлагдаад, үйлдвэрлэгдэж буй органик бүтээгдэхүүнээс хэд нь цэвэр өөрсдийнхөө хүчээр экспортод гарч чадах вэ? Бүгдээрээ гарч чадахгүй нь ойлгомжтой.
Харин бодлогоор дэмжиж чадвал тэд бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд биш юм аа гэхэд Азийн ойролцоох улсуудад борлуулах боломжтой болно.
Ингэснээр эдийн засгийн өсөлт хангагдаж, тогтвортой орлого бас хэрэглээтэй дундаж давхаргын өсөлт Монголд биелэгдэнэ.
Өдрөөс өдөрт баяжиж буй Азиуд бидэнд асар их боломжийг өгч байна. Энэ боломжийг харсан овжин хөрөнгө оруулагчид Азийн зах зээлд түрэн орж, сонирхолтой санаачлага, төсөл хөтөлбөрүүдэд мөнгө цутгаж байгаа билээ.
Бид ч энэ боломжийг алдаж болохгүй. Юуны тулд нэвчих чадвартай том зах зээлийн хаяанд оршдог цөөн хүн амтай орон билээ дээ!

Comments