Wednesday, January 18, 2017

онлайн бизнес

Ямар нэгэн бизнесийн санаа олох, эсвэл мөрөөдлийн амьдралд хүргэх онлайн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? гэж та бодож байсан уу?

Онлайн бизнес эхлүүлэхийн тулд танд магистрын зэрэг, их хэмжээний хөрөнгө эсвэл онцгой холбоо сүлжээ шаардлагагүй. Багахан хэмжээний мөнгө бас цаг байхад та онлайн бизнес бий болгож, дэлхий даяар интернетээр үйл ажиллагаа явуулж маш олон хүнд үйлчлэх боломжтой. Мянга мянган, сая сая хүн асуудлыг шийдэж өгч байгаа зүйлд мөнгө төлөхөд бэлэн байдаг. 
Та хэн ч байж болно, гэхдээ та өөрийгөө хэн байхаа, юу хийдэг болохоо шийдэж болно. Найзууд чинь тань дээр харилцааны зөвлөгөө авах гэж ирдэг, ажлынхан чинь хэрхэн жингээ барьдаг талаар чинь асуудаг, эсвэл хүмүүс танд гацаад байгаа компьютероо засуулах гэж ханддаг, бүр магадгүй та эрүүл амттай хоолны олон жор мэддэг байж болно. Та өөрийн ийм чадваруудаа ашигтай бизнес болгон хувиргах боломжтой. 
Магадгүй та маш олон вэбсайт онлайн бизнес санал болгож, түргэн баяжих хүсэл төрүүлсэн чамин үгтэй нийтлэлүүдийг харж байсан байх. Бас зарим нь амжилттай бизнес эрхлэхийн тулд Фэйсбүүк маркетинг явуулах хэрэгтэй, байнга жиргэх хэрэгтэй, файл түгээлт хийх хэрэгтэй гэх мэт маш олон тактик, арга хэрэгслийг нэгэн зэрэг дэвшүүлж байдаг. Үнэндээ энэ нь маркетинг, бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий ихдэж болно. Хамгийн гол асуудал бол зөв зүйлд төвлөрч ажиллах юм. 
Онлайн бизнес хэнд зориулагдсан бэ?
Санхүү, цаг хугацаа, сэтгэл ханамжийн эрх чөлөөнд тэмүүлсэн хэн бүхэнд зориулагдсан.
Хүмүүс бидний ихэнх нь нэгэн хэвийн уламжлалт амьдралын замналаар амьдардаг. Дунд сургууль төгсөөд дээд сургуульд орно, дээд сургууль төгсөөд анхан шатны ажилд орно, тэгээд нэг салбартаа 40 гаруй жил ажиллана, тэгээд тэтгэвэрт гарна. Гэхдээ интернет хөгжлийн ачаар заавал ингэж амьдрах үе ард хоцорсон. Та богино хугацаанд вебсайтаа бүтээгээд нийтлэл бичиж болно, видео материал бэлдээд Youtube хуудсанд байршуулж олон зуун хүнд үзүүлж болно.
Бидэнд одоо маш их боломж байна. Бид тэдгээрийг ашиглаж сурах хэрэгтэй. Дэлхий дээр маш олон хүн солиотой гэмээр ч санаан дээр амжилттай онлайн бизнес эрхэлж байна. Бизнес ямар ч төрөл байж болно, та хүмүүст хэрхэн богино хугацаанд булчингаа хөгжүүлэх, хэрхэн ажлын ярилцлаганд амжилттай оролцох, хэрхэн илтгэл тавьж сурах талаар, хэрхэн хямд зардлаар аялах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, хэрхэн гэртээ арьсаа арчлах талаар гээд ер нь юуны ч талаар хүмүүст туслалцаа үзүүлж болно. Гол нь таны өгөх мэдээлэл хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхүйц үнэ цэнэтэй байвал тэд мөнгө төлөхөд бэлэн байна. 
Нэгэнт онлайн бизнесээ босгосон байхад энэ нь үргэлжийн мөнхөд ажиллаж л байх болно, таныг унтаж байхад ч, аялаж байхад ч бизнес чинь явагдсаар, орлого олсоор л байна. Энэ бол жинхэнэ амьдрал өөрчлөгч. Эрх чөлөөт амьдралыг хүсэхгүй хэн байх билээ. 
Гэхдээ мэдээж та хөдөлмөрлөхгүйгээр ямар ч сайхан мөрөөдөл өөрөө бие болчихгүй. Бизнесийн санаа тэнгэрээс унаад ирэхгүй, та үүнийг өөрөө хайж олох хэрэгтэй. Гэхдээ холоос хайх биш өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Та санхүүгийн мэдлэг чадвартай байтал бусдад хоол хийхийг заах боломжгүй. Та юу мэддэг, юу чаддаг, юунд дур сонирхолтой түүнийгээ бизнесийн ертөнцөд өөрийн зэвсэг болгоно.
Бусад шаардлагатай зүйлсийг та хялбархан сурч, шийдэж болно. Вэбсайт, интернет хэрэгслүүд, хэлний бэрхшээл зэрэг одоо тийм ч том асуудал биш болсон, таниас ямар ч мэргэжлийн чадвар шаардахгүйгээр та энэ бүгдийг хийх боломжтой. Өчнөөн зуун мянган төгрөг шаардагдана гэж санаа зовох ч хэрэггүй. Харин таниас цаг хөдөлмөр, тууштай байдлыг л шаардана. 
Онлайн бизнесээс хэрхэн мөнгө олох вэ?
Үүний гол түлхүүр нь таны бизнест тулгуурласан бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүн гэдэг нь Ebook, онлайн курс, онлайн хурал ярилцлага, эсвэл бусад ном хэвлэл, биет бүтээгдэхүүн байж болно. Та жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж “Хэрхэн хялбархан бие дааж байгууллагын тайлангаа гаргах вэ” гэсэн Ebook 30.000₮-н үнэтэй гаргалаа гэж бодъё.
Яагаад Ebook гэхээр та өндөр үнээр, олон тоогоор ном хэвлүүлэх шаардлагагүй, хэрэглэгч дэлхийн хаанаас ч таны бүтээгдэхүүнийг хялбархан татаж аваад хэрэглэж болох учраас. 1 сард 10 хүн таны номыг худалдаж авлаа гэж бодвол 300.000₮, харин 100 хүн худалдаж авахад 3.000.000₮ болно. Цаашлаад 1000 хүнд худалдах зорилт тавь. Хэд болохыг нь та тооцоолж чадна, энэ бол таны цаг хөдөлмөрийн хөлс. Та хэвлэл, дизайнд ашгаасаа суутгуулах шаардлагагүй. Хүмүүс ихэвчлэн вэб, онлайн хэрэгслүүдийн талаар бодохоороо өнгө дизайн, бүтэц, загвар үзэмжинд санаа зовдог.
Гэхдээ та үүнийг дараа хэзээ л бол хэзээ ч өөрчилж чадна. Магадгүй олон саяын ашиг олдог болохоороо та мэргэжлийн өндөр чадвартай хүн хөлслөөд үүнийг хийлгэж ч болно. Хүмүүс өнгө үзэмжээс илүү өөрт нь хэрэгтэй байгаа тэр л контентонд илүүтэй анхаарлаа хандуулна шүү дээ. Түүнчлэн таны бизнес тодорхой хэмжээний уншигчдын хүрээлэлтэй болоход та өөрийн хуудас, вэбсайтдаа бусад байгууллагын сурталчилгаа байршуулж, таны хуудсаар дамжсан даралт бүрээс урамшуулал, хувь хүртэх зарчмаар мөнгө олох арга мөн бий.
Онлайн бизнесээ эхлүүлэхэд юуны өмнө та бизнесийн санаанаас эхэлнэ. Таны юу хийж чаддаг чухал гэдгийг дээр дурдсан, дээр нь нэмээд хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээг тодорхойлох хэрэгтэй, таны санал болгох үйлчилгээ шаардагдаж буй хэр их хүн байна, тэдгээр боломжит хэрэглэгчид хаана байна, тэд ямар вэбсайтаар хэсэж, ямар сэтгэгдэл үлдээж, аль Фэйсбүүк группд идэвхтэй байна гэхчлэн тэднийг ангуучлах хэрэгтэй.
Хамгийн гол нь тэдний хамгийн их тулгараад байгаа тэр асуудлыг тэд бодит амьдрал дээр хэрхэн хэлэлцэж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тухайлбал, хүмүүс өглөө сэрэхдээ англи хэлний чадвараа хөгжүүлэх хэрэгтэй байна гэж шаналж сэрдэггүй, харин энэ үс унаад байгааг яаж зогсооё доо, эсвэл өнөөдөр болзоотой, юу өмсөх вэ гэж бодож л сэрдэг. Энэ л бодоод байгаа асуудал таны шийдвэрлэх зорилт болж байвал таны бизнес оршин тогтнож чадна.
Бас нэг асуудал байдаг, таны хийхийг хүссэн санааг аль хэдийн бусад хүмүүс хийгээд хэрэгжүүлээд, тухайн зах зээл дээр олон байгууллага ажиллаж байхад хэрэглэгч бусдыг биш таныг сонгох боломжгүй гэж боддог. Гэхдээ гарц үргэлж байдаг, харин ч өрсөлдөөн байхгүй бол зах зээл байхгүй юм. Онлайн бизнесээ босгох нэгэн чухал хүчин зүйл нь зөв маркетинг явуулах явдал. Маркетинг хуучин хэв маягаа орхиж, дижитал хэлбэр лүү шилжиж байна.
Танд өндөр өртөгтэй сурталчилгаа хэрэггүй, тодорхой арга зарчмуудыг ашиглаад өөрөө маркетингаа явуулж чадна. Гол нь та Фэйсбүүкийг энгийн хувийн хэрэглээнд хэрэглэдэг байсан бол илүү мэргэжлийн стандарт түвшинд хэрэглэж сурах, инстаграмаар хэрхэн бизнесээ оновчтой сурталчилж олон дагагчтай болох зэргээр өөрт тохирох сошиал сувгуудаа сонгоод, зөв арга барилд суралцах хэрэгтэй.
Амжилт, ашиг гэдэг сугалаанд хожоогүй л бол нэг өдрийн дотор бий болчихгүй, цаг хөдөлмөр шингэж байж бүтнэ. Онлайн бизнест хобби болгож биш ажил хэрэгч байдлаар хандаж байж үр дүнд хүрнэ гэдгийг санаарай! Мэдэхгүй гэдгээс битгий ай, бид бүгд харилцан адилгүй, гэхдээ бид бүгд сурч, хийж чадна. 
Онлайн бизнес гэдэг та дараагийн Фэйсбүүкийг бүтээх ёстой гэсэн үг биш, харин та өөрийн мэдлэгээсээ бүтээмж гаргахыг хэлнэ. 
Танд амжилт хүсье!
Хуулбарлан авав..
Гэрэлчимэг өлзийбат

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа