ясны шөл

АМАРЖСАНЫ ДАРААХ ГҮН ЯДАРГААГ ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ ЯСНЫ ШӨЛ
ОРЦ:
Үхрийн яс – 1-1,5 кг
Ус 2-3литр 
Бэлтгэх арга:

Манай өвөг дээдсээс улбаалан ясны шөлийг бүх насны хүний хий ядаргаа тайлах, тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэдэг байжээ. Тэр тусмаа амаржсан хөхүүл эхчүүд төрсний дараа маш их ядарч сульдаж ус их хэмжээгээр унах шингэрэх, хумс, шүд хэврэгших, арьс зарим хэсгээрээ харлах, турах, нойргүйтэх гэх мэт бие организм цаанаасаа л сульдан доройтож хий ядаргаа болох улмаар ядаргаа нь ясандаа орох гэж манай ард түмэн ярьдаг. Үүнийг шийдвэрлэх ухаалаг арга өвөг дээдсээс минь дамжин иржээ. Энэ бол үхрийн ясны шөл юм. Тэр дундаа үхрийн булуу, тойгны шөлийг онцлох хэрэгтэй. Төрсний дараах гүн ядаргааг тайлахын тулд доорх жороор ясны шөлийг гаргаж аваад 1 сарын турш өдөр тутмын хоолондоо ясны шөлийг хэрэглэж занших хэрэгтэй. Шөлийг ашиглан ямар ч хоол хийсэн ба тос болон янз бүрийн амтлагч бага хэрэглэх бүр хэрэглэхгүй байсан ч болно. 1 сарын дараа гарах үр дүн нь таны үс унахаа больж бат бэх өтгөн болох, шүд хумс бэхжих, зүс царай гэрэлтсэн толигор болох, хөхний сүүний гарц сайжирч, ядаргаа тайлагдаж урьдийн адил сэргэлэн цовоо эрч хүчтэй болох болно. Ингээд энэхүү ухаалаг аргыг туршаад үзээрэй. Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийн яс бөгөөд тэр дундаа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байна. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотлосон. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна. Ингээд сонгож авсан ясыг чанахад тохируулан тайрч бэлтгэж болно. Хэрвээ ядаргааны ясны шөл гаргаж авмаар байвал ясыг сайтар шулаарай. Хэт их махтай нь шулалгүй чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис махны чанарт дарагддаг байна. Ингээд 3-4 цаг буцалгах бөгөөд шөлний дээр тунасан өөх тосыг шүүж аваарай. Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул ийнхүү олон цаг буцалгаж чанаж байж ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисыг задладаг аж. Шаардлагатай бол бүтэн их хэмжээний усанд бүтэн өдөржин буцалгасан ч болно. Тэр тусмаа та амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна. Мөн шөлөн дээр тунасан мах, ясны хальс зэргийг сайтар шүүж аваарай. Буцалгах хугацаандаа огтхон ч давслах хэрэггүй. Ясны шөлийг жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж авна гэсэн үг. Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөж их ялгарсан цайвар бордуу шөл болдог. Шөлийг яснаас шүүж аваад тасалгаанд хөргөсний дараа битүү саванд хийж хөргөгчинд хадгалаад өдөр тутмын хоолондоо бага багаар хэрэглэж болно. Эсвэл хөлдөөгчинд хөлдөөгөөд хоол хийхдээ хэрэглэж болно. Хоол хийхдээ ясны шөлөө заавал хэрэглэх ба элдэв амтлагч, өөх тос болон давс бага хэрэглэхийг зөвлөж байна. Эх сурвалж 1000jor.mn

Comments